Технологийн дэвшил, инновацын нөлөөгөөр эрчим хүчний салбарын чиг хандлага ихээхэн өөрчлөгдөж, энэ салбар үндсээрээ шинэчлэгдэж байна. Уг өөрчлөлт бидний амьдралд ч мөн олон талаар нөлөөлж эхэлсэн.
Технологийн салбар хурдтай, тасралтгүй хувьсан өөрчлөгдөж блокчэйн, хиймэл оюун ухаан, криптовалют олборлолт зэрэг урьд өмнө төсөөлж ч байгаагүй хөгжлийн шинэ шинэ чиг хандлага, механизмууд хөгжиж, өнөөгийн нийгмийн амьдралд үнэмлэхүй нөлөө үзүүлж байна. Эрчим хүчний үйлдвэрлэлд дэлхий нийтээр нар, салхины сэргээгдэх эх үүсвэрийг өргөнөөр ашиглаж эхэлсэн нь хувь хүн, аж ахуйн нэгж, бизнесийн үйл ажиллагаанд бүтцийн томоохон өөрчлөлтийг авчирч байна.
Нийгэм, эдийн засаг, санхүүгийн өнөөгийн төлөв байдалтай уялдуулан бид Монгол Улсад бие биетэйгээ харилцан уялдсан цогц төслүүд болох дэвшилтэт технологиор нүүрснээс ногоон эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станц, уул уурхайн эрдэс, түүхий эд боловсруулах эко-тех аж үйлдвэрийн цогцолбор, криптовалют олборлох дэвшилтэт фарм, хиймэл оюун ухаан бүхий дата төв, хүлэмжийн хийн бизнес, блокчэйнд суурилсан ухаалаг ханган нийлүүлэлтийн сүлжээ, блокчэйнд суурилсан эрдэс баялаг, түүхий эдийн биржийн цогц төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
КЕЙЛУМ төсөл хэрэгжсэнээр хүлээгдэж буй үр дүнг цухас дурдахад, энэ төслийн хүрээнд 7,000 гаруй хүн ажилтай болж, улсын төсөвт дунджаар 3 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний татвар хураамж хуримтлагдана. Монгол Улсад нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлохын хамт импортыг орлох бүтээгдэхүүнээр дотоодын хэрэглэгчдээ хангана.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт татах эдгээр долоон төслийг санхүүжүүлэх, хэрэгжүүлэхэд нийт 800 сая ам.доллар хэрэгтэйгээс бид 250 сая ам.долларын хөрөнгийг хэдийнэ татаж, ногоон цахилгаан станцын ажлаа эхлүүлэхэд бэлэн болоод байна.
Мөн бид эрчим хүч, аж үйлдвэрийн цогцолборын төслүүдээ 2022 онд Сингапурын хөрөнгийн бирж дээр нийтэд нээлттэй хувьцаат компани болгохоор бэлтгэл ханган ажиллаж байна.