Б.Батзориг: Гал гарсан орон сууцны ус, дулаан, цахилгааныг тасалж, оршин суугчдын аюулгүй байдлыг хангасны дараа нээсэн

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Сутай” хотхоны орон сууцны 10 давхар барилгын дөрөвдүгээр давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 12-р сарын 19-ний 07:00 цагт ЦЕГ-т иржээ. Дуудлагын дагуу цагдаа, болон онцгойгийнхон ослын газарт шуурхай очиж 08.00 өнгөрөөж галыг бүрэн унтраасан байна.

Цагдаагийн газраас хэргийн газрыг хамгаалалтад авч, хэргийн газрын үзлэг хийж, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажилласан. Мөрдөн шалгах явцад 2, 5, 10 настай гурван хүүхэд, 38, 39 настай хсёр эмэгтэй хүн галд өртөн амиа алдсан байсан. Мөн угаарийн хийд хордсон байдалтай 40 настай эмэгтэй, 27 настай эрэгтэй байсныг эмнэлэгт шуурхай хүргэсэн боловч эмнэлэгт очоод нас барсан харамсалтай хэрэг гарлаа гэж Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Дашням мэдээлэл өгсөн.

Гал түймэрт тухайн орон сууцны хэдэн айл өртсөн болон хэргийг шалгах ажлын явцын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Хурандаа Б.Батзоригоос тодрууллаа.

-Орон сууцанд гарсан галд хэчнээн айл өртсөн бэ?
-Галд нэг айл өртөж, тухайн айлд байсан таван хүн галын улмаас харамсалтайгаар амиа алдсан. Нэг хүн нь онцгой байдлын алба хаагч, нэг нь тухайн байрны оршин суугч тусалж яваад угаартаж амиа алдлаа.

-Гал гарсан айлд хэчнээн хүн байв, аврагдсан хүн байна уу?
-Тухайн айлд нэг хүүхэд амьд үлдсэн.

-Ослын нөхцөл шалтгааныг тодруулахад  ямар дүгнэлт гарч байна вэ?
-Урьдчилсан байдлаар шинэ жилийн гацуур модны гэрлэн чимэглэлд богино холбоо үүсэж гал гарсан гэх дүгнэлт гарсан. Хэргийг цагдаа, прокурорын байгууллага шалгаж байна.

-Тухайн орон сууцны иргэд амьдрахад хэвийн нөхцөл үүссэн үү?
-Гал гарсан орцонд дөрөвдүгээр давхраас дээш битүү утаа, тортог болсон. Иймд гал гарсан айл болон тухайн орцны цонхнуудыг хагалсан. Мөн оршин суугчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор тухайн орон сууцны ус, цахилгаан, дулаан тодорхой хугацаанд тасалж аюулгүй байдлыг хангасны дараа өчигдөр оройдоо нээсэн. Одоо тухайн орон сууцанд айл өрхүүд хэвийн амьдрах боломжтой гэлээ.