Х.Нямдагва: Манай хороонд сургууль, цэцэрлэг завсардсан хүүхэд байхгүй

2000 оноос Сүхбаатар дүүргийн  ИТХ-ын төлөөлөгч, 2017 оноос тус дүүргийн 3-р хорооны Засаг даргаар ажиллаж буй Х.Нямдагватай ярилцлаа.


-Хотын төвийн дүүрэг гэхээр танай хороо нэлээдгүй том байх нь?

-Манай Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо 2600 гаруй өрх, 8200 гаруй хүн амтай. Мөн сургууль цэцэрлэгийн насны 1200 гаруй хүүхэд, 1400 орчим ахмад настан аж төрдөг.

-Улиран одож буй 2023 онд ямар ажлуудыг хийж амжуулав?

-Олон ажил хийгдсэн шүү. Тэдгээрээс онцолбол нийтдээ долоон байршилд  216 автомашины граш буулгалаа. Уг грашуудыг буулган цэвэрлэж оронд нь автомашины зам, зогсоол, явган хүний зам хийсэн.

-Ямар байршилд авто зогсоол хийсэн бэ?

13, 15 дугаар байрны ойр орчимд байсан грашуудыг нурааж оронд нь зогсоол байгуулсан. Харин 8, 9 дүгээр байрнуудын ойр орчимд нураалт хийж, хоёр талаар нь явган хүний зам, урдуур нь авто зам тавьсан. 

-Нэгдүгээр хорооллын арын грашуудыг буулгаж оронд нь тоглоомын талбай, саад байгуулсан байсан. Танай хороонд тийм ажил хийгдэв үү?

-Тэгсэн. Бид 17 дугаар байрны ойр орчимд бүх насны иргэдийн салхилах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талбайг байгуулсан.

-Явган хүний зам халтиргаа ихтэй учраас сургууль цэцэрлэг гээд л хөл ихтэй байдаг газруудад иргэд унаж бэртэх асуудал гардаг шүү дээ. Танай хорооноос ямар арга хэмжээ авч байна?

-Мэдээж иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах зорилгоор, сургууль цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах бодлогын хүрээнд 160 дугаар цэцэрлэгийн урд, 54 дүгээр цэцэрлэгийн ард хэсгээр  явган хүний замыг хийлээ. Мөн гэрэлтүүлэг, камержуулалт чамгүй олон хийгдсэн.

-Хэдийгээр халаалт авдаг ч хотын төвийн зарим байрнуудад дулаалга шаардлагатай гэж мэдээгээр ярьж байсан. Танай хорооны нутаг дэвсгэрт энэ төрлийн ажлууд хийгддэг байх даа?

-Хийгддэг шүү. Иргэд сүүлийн жилүүдэд байрныхаа пассатыг дулаалуулах талаар олон санал, гомдол хүргүүлсэн. Үүний дагуу бид энэ онд 15, 16, 20 дугаар байрнуудын дулаалгын асуудлыг шийдэж өгсөн. Уг байрнууд бүгд есөн давхар л даа. Эднээс гадна 40, 43, 44, 45 зэрэг таван давхар байруудад дулаалга хийсэн.

-Дулаалга хийхэд үр дүн хэр ахицтай гарч байна?

-Дулаалахын ач тус их шүү. Манай хороонд олон жил болсон байрнууд цөөнгүй бий. Оршин суугчид нь хүйтний улиралд нэмэлтээр халаагуур хэрэглэж байж өвлийг давдаг бэрхшээл байсан. Харин дулаалга хийснээр тог, цахилгааны хэмнэл зэрэг эко тал руугаа олон үр дүн гардаг.

-Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хэр вэ?

Манай хороонд “Орос 3 дугаар сургууль” болон гурван цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг. Цэцэрлэгийн насны хүүхдүүд маань цэцэрлэгтээ бүрэн хамрагдаж чадаж байгаа. Сургууль завсарласан хүүхэд нэг ч байхгүй. Тийм болохоор энэ тал дээр ямар ч асуудал байхгүй гэж хэлмээр байна.

-Дүүргийн ИТХ-аас ямар үйл ажиллагаануудыг танай хороонд явуулав?

-Олон арга хэмжээ зохион байгуулсан. Тэр болгоныг яривал их. Жишээлбэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтарч ажилласан. Мөн СӨХ-ийн дарга нартай хамтарч иргэдийг гэмт хэрэг, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, орц гарцыг сайжруулах, хог ачилт зэрэг ажлуудыг сайжрууллаа.