Сүхбаатар дүүргийн ИТХ-аас 12 дугаар сарын 10-ны өдөр ирэх 2024 оны төсвөө хэлэлцэн баталжээ. Тэдгээрт сургууль, цэцэрлэг, хороо , өрхийн ЭМТ, барилга, нийтийн орон сууцны гадна тохижилт зэрэг томоохон ажлууд багтсан байна.
Тус дүүрэг ирэх оронд сургууль, цэцэрлэгийн засвар, тохижилтод 4.06 тэрбум гаруй төгрөгийн төсөв баталжээ. Үүнд 116 дугаар сургуулийн сантехник, 186 дугаар тусгай сургуулийн дулааны шугам сүлжээ, 35 дугаар сургуулийн А байрны үерийн далан, 2-р цэцэрлэгийн барилгын засварууд оржээ. Мөн дүүргийн цэцэрлэг, сургуулийн барилгын засвар, тохижуулалтад чиглэсэн олон ажлуудыг хийх аж.
Түүнчлэн нийтийн орон сууцны засварт 900 орчим сая, хороо, өрхийн ЭМТ-ийн гадна шат довжоо, налуу зам хийх болон шинэчлэх, засварлах ажилд ойролцоогоор 56 сая орчим төгрөгийг төсөвлөсөн байна.
Эдгээрээс гадна граш буулгасан байршлуудад хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилнэ. Тодруулбал, тус дүүргийн 20 дугаар хороонд грашуудыг нураасан байршилд “Трүйрөүд” ХХК-ны бүтээн байгуулж буй ажил 60 хувьтай явж байгаа. Өнгөрсөн онд эхэлсэн уг ажил 800 орчим сая төгрөгийн өртөгтэйгөөр хийгдэж буй.
Мөн Сүхбаатар дүүрэг ирэх оныг “Гэр бүлийг дэмжих жил” болгон зарласан. Үүний хүрээнд ахмад настан, хүүхэд багачуудад чиглэсэн томоохон ажлуудыг шат дараатай хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.