Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 2017 оноос тус дүүргийн 3-р хорооны Засаг даргаар ажиллаж буй Х.Нямдагватай ирэх онд хэрэгжүүлэх ажлуудынх нь талаар ярилцлаа.
-Он солигдох энэ мөчид бүхий л шатны байгууллагууд ирэх оныхоо төсвийг баталж, хийж хэрэгжүүлэх ажлуудаа ярилцдаг шүү дээ?
-Сүхбаатар дүүргийн ИТХ 2024 оныхоо төсвийг 12 дугаар сарын 10-ны өдөр баталлаа. Дүүрэгтээ бид том нэгдсэн эмнэлэг барьж байгаа. Тус эмнэдэгт шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг суулгалаа. Мөн манай дүүрэг бусад дүүргийг бодоход спортын ордонгүй. Тиймээс иж бүрэн тохижилттой спортын ордон барихаар болсон.
-Танай хорооны хувьд?
-Манай хорооны хувьд оршин суугчдыг хүсэлтээр орон сууцны пассатны ажлыг хийх хөрөнгийг төсөвт тусгасан.
-Иргэдээс санал, гомдол их ирдэг гэсэн шүү дээ. Ирэх онд танай хороонд хэдэн орон сууц дулаалгатай болох вэ?
-Иргэдээс жил бүр л санал ирдэг. Бид ирэх 2024 онд нийтдээ зургаан байранд дулаалга хийх төлөвлөгөө гаргасан байгаа.
-Байрнуудад дулаалга хийхээс гадна өөр асуудлууд байдаг л байх даа?
-Тэгэлгүй яахав. Зургаан байрны пассатыг дулаалахаас гадна нэг байрны дээврийг сайжруулах, шинэчлэх ажил хийгдэнэ.
-Танай оршин суугчдад хэрэгтэй мэдээлэл болох байх. Яг ямар байрнуудад дулаалга хийгдэх вэ?
Тийм шүү. Бид 2А, 8, 9, 10, 17, 18, 19 зэрэг байрнуудын дулаалгын ажлыг ирэх онд хийнэ.
-Өөр иргэддээ дуулгах ажлуудаасаа дурдвал?
-Камержуулалт, гэрэлтүүлэг гэх мэт олон ажлуудыг бид ирэх онд хийхээр төлөвлөсөн шүү.
-2024 оныг Сүхбаатар дүүргийн зүгээс “Гэр бүлийн жил” болгон зарласан гэж дуулсан?
-Тийм. Манай дүүрэг ирэх онд ахмадууддаа чиглэсэн томоохон ажлуудыг хийхээр болсон. Мөн сургуулийн насны хүүхдүүдэд чиглэсэн ажлууд ч хийгдэнэ. Үүний хүрээнд дүүргээс нэлээдгүй сургуулиудын засвар, үйлчилгээ, дулаалга, дэд бүтцэд шаардлагатай хөрөнгийг төсөвт төвлөрүүлсэн.