Н.Эрдэнэбилэг: Аливаа ажлыг жижиг, том гэж ялгалгүй чин сэтгэлээсээ хийж сурвал тэр нь ирээдүйн хамгийн том хөрөнгө болдог

Монгол Улсын Хөгжлийн банкны 15 жилийн ойг тохиолдуулан "Бидний нэг" цуврал ярилцлагын энэ удаагийн дугаартаа мэргэжлийн банкир, санхүүч нэгэн эрхмийг урилаа. Тэр бол банкны салбарт тасралтгүй 29 жил, тэр дундаа Монгол Улсын Хөгжлийн банканд 8 дахь жилдээ ажиллаж буй Н.Эрдэнэбилэг юм. Ингээд түүний ажлын арвин их түүхтэй танилцацгаая.


-Сайн байна уу? Танд Банкны салбарын ажилтны өдрийн мэнд хүргэе.

-Баярлалаа. Монгол Улсын Хөгжлийн банкны хамт олон болон банкны салбарт ажиллаж буй бүх хүмүүст баярын мэнд хүргээд, ажлын амжилт хүсье.

 -Та өөрийгөө танилцуулна уу, ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?

-Би Улаанбаатар хотын ажилчны районы 75 дугаар дунд сургуулийг 1992 онд төгссөн. Их сургуульд орж, Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулийн Банк зээлийн эдийн засагч - санхүүч мэргэжлийг сонгосон маань амьдралын минь чухал шийдвэр байлаа. 1997 онд бакалаврын зэргээ хамгаалаад, 2014 онд мөн тэрхүү сургуульдаа “Монголын ББСБ-ын эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох арга зам” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.

Ажлын гараагаа 1997 онд Худалдаа хөгжлийн банканд туршилтын хугацааны хянагч нягтлан бодогчоор эхэлж байлаа. Тэр цагаас хойш банк, санхүүгийн салбарт тасралтгүй 29 жил ажилласан. Сүүлийн найман жилийн хугацаанд Монгол Улсын Хөгжлийн банканд мэргэжлээрээ ажиллаж байна. Хянагч нягтлан бодогчоос эхлэн ерөнхий  нягтлан бодогч, ахлах эдийн засагч, салбар, хэлтэс, газрын захирал зэрэг албан тушаалуудад ажиллаж байсан.

Гэр бүлийн хувьд намайг тойрсон орчин бүхлээрээ банкны салбартай холбоотой. Нөхөр маань 26 дахь жилдээ банкны салбарт ажиллаж байгаа банкир хүн, харин бага охин маань МУИС-д банк, санхүүгийн ангид элсэж, одоо Тайвань улсад тэтгэлгээр санхүү, эдийн засгийн чиглэлээр үргэлжлүүлэн сурч байна.

Хөгжлийн банканд ажиллах шийдвэрийг яаж гаргасан бэ? Анхны сэтгэгдэл ямар байв?

-МУХБ-нд 2018 оны наймдугаар сард Эрсдэлийн удирдлагын газарт ахлах мэргэжилтнээр ажилд орж байлаа. Шийдвэр гаргахад хэцүү байгаагүй. Улсын бодлогын банканд өөрийгөө сорьж, туршлага хуримтлуулах нь надад илүү сонирхолтой байсан. Гэхдээ анх ороход “улсын бодлогын банк” гэдэг нэр нь цаанаа л сүрдмээр байсан.

-Хөгжлийн банканд ажилласан хугацаандаа юунаас хамгийн их урам зориг авсан бэ?

-Хөгжлийн банканд ажилласнаар “Ховд эко цемент”, “Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг өргөтгөх төсөл”, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл” зэрэг томоохон төслүүдэд санхүүжилт олгоход ажлын байрны чиг үүргийн хүрээнд хамтран ажилласан. Эдгээр төслүүд нь манай эх орны хөгжил, дэвшилд шууд нөлөө үзүүлж буй төслүүд юм. Төслийн бүтээн байгуулалт сүндэрлэн босохыг өөрийн нүдээр харах, тэр мөч хамгийн том бахархал байдаг. Тоо, судалгааны түвшинд байсан ажил бодитоор бий болж байгааг харахаас илүү урамтай зүйл үгүй юм билээ.

-Таны болон танай хамт олны ажлын үр дүнгээр нийгэм, эдийн засагт ямар өөрчлөлт авчирсан гэж харж байна вэ?

-Банк гэдэг нэг хүний ажил, үр дүнгээр хэмжигддэг бүтээмж биш. Амжилт нь багийн ажиллагаагаар илэрхийлэгддэг. Манай хамт олны хүчин чармайлтаар санхүүжсэн төслүүд амжилттай хэрэгжиж, улс орны нийгэм, эдийн засгийн салбарт бодитой хувь нэмрээ оруулж, шинэ ажлын байруудыг бий болгосоор байна.

-Хамгийн их сургамж авсан, эсвэл хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаач?

-Банкны салбарт ажиллаж эхэлсэн тэр үеийн тэмдэглэлийн дэвтрүүд маань их зүйл хадгалсан байдаг. Бидний үед гар утас, камер гэж байсангүй. Хэн сайн тэмдэглэж авна, тэр нь гарын авлага болдог байсан цаг. Гэхдээ энэ их түүх л дээ. Мөн ажилд ороод жинхэлснийхээ дараа Банкны холбооны сургалтад хамрагдаж байлаа. Энэ сургалтад хамрагдсан бүх хүмүүс банкны салбартаа үр бүтээлтэй ажиллаж байна. Энэ л дэвтэр, энэ сургалтаас миний банкны салбарт тасралтгүй ажиллах түүх эхэлсэн.    

 -Шинэ ажилтан, залуу мэргэжилтнүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Бүх зүйлийг мэддэг хүн гэж байхгүй. Ажлын байранд хүн байнга суралцаж, өөрийгөө улам их хөгжүүлдэг. Шинэ ажилтан байна гэдэг бол бүхнийг төгс хийх ёстой гэсэн үг биш. Бусдаасаа асууж сурах, сонсож ойлгох, эргэн тойрныхоо хүмүүсийн туршлагаас суралцах нь өсөлтийн нэг хэсэг.

Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг шиг өөртөө итгэлтэй, даруухан байж чадвал та хаана ч үнэ цэнтэй мэргэжилтэн болж чадна. Аливаа ажлыг жижиг, том гэж ялгалгүй чин сэтгэлээсээ хийж сурвал тэр нь ирээдүйн хамгийн том хөрөнгө болдог. Алдаа гаргахаас бүү айгаарай. Харин алдаанаасаа суралцаж, дахин давтахгүй байх нь чухал юм шүү.

Шинэ үеийн залуус маань маш зөв хандлагатай болж байгаа. Би шинэ үеийн залуустаа итгэдэг. Эрхэм дүү нар минь өөрийн үзэл бодолдоо үнэнч, хариуцлагатай, тууштай байгаарай гэж зөвлөмөөр байна.

-Та ямар сонирхол, хоббитой вэ? 

-Хориод жилийн өмнө бол аялах, шинэ орчинд очих гэж тэмүүлдэг байсан бол одоо аль болох тайван, намуун орчин руу тэмүүлдэг болсон байна. Сүүлийн үед зүү ороох оёдлыг нэлээн сонирхож, зүү, утас гэх мэт оёдлын хэрэгслийг цуглуулдаг болсон шүү.

Юм оёх, тэр дундаа үндэсний гар урлал хүнд их тайван мэдрэмж өгдөг, бас өөрийгөө олох, юмыг бодож тунгаахад их тусалдаг юм байна. Зүү ороох оёдол хийж байхдаа хүн уурлаж байхыг би лав харж байгаагүй. Их тайвшрал өгдөг зүйл юм байна.

-Хөгжлийн банк 15 жилийн дараа ямар байна гэж та бодож байна вэ?

-Би эх орноороо, мөн мэргэжлээрээ бахархдаг. Улсынхаа алсын хараа, шинэ үеийн залуустаа итгэж, дэмждэг. Иймд 15 жилийн дараах Монгол Улсын Хөгжлийн банкийг шинэ үеийн чадварлаг ажилтан, мэргэшсэн удирдлагатай, улс орны ирээдүйн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн, Азийн тэргүүлэгч үндэсний хөгжлийн банкны нэг болно гэж итгэлтэйгээр төсөөлж байна.

-Баярлалаа.