Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үндэсний холбоо Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төсөл боловсруулжээ. Тус холбооноос хуулийн төслөө Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт хүлээлгэн өгсөн байна. Хуулийн төслийн эхний хувилбарыг хүлээж авснаар Хууль тогтоомжийн тухай хуульд заасан хуулийн төсөлд тавигдах шаардлагад нийцүүлэх, боловсронгуй болгох, холбогдох газруудаас санал авах, олон нийтээр хэлэлцүүлэх зэрэг ажлыг хийж, гуравдугаар сард багтаан Засгийн газарт оруулж, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх гэнэ.
Тус хуулийн төслийг хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгмийн амьдралд эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлэх, нийгмийн харилцаанд бие даан оролцоход учирч буй саадыг арилгах болон тэдэнд дэл бүтэц, үйлчилгээний хүртээмжтэй орчныг бий болгох зорилгоор боловсруулсан байна.
Энэ утгаараа хуулийн төсөлд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд бүрэн тусаагүй хэмээн үзэж буй хөгжлийн бэрхшээлтэй хүний саадгүй хүртээмжтэй орчинд амьдрах эрхийг хангах, орон сууц, нийтийн зориулалтын барилга байгууламж, нийтийн тээвэр, мэдээлэл харилцаа холбоо, технологи, үйлчилгээний хүртээмж саадгүй байдлыг бүрдүүлэх тухай асуудлыг нарийвчлан оруулсан аж.